Миний мөрөөдөл



        Манай өвөө ЗИЛ130 барьдаг жолооч хүн байлаа тийм болоод ч тэр юм уу миний мөрөөдөл БЕЛАЗЫН ЖОЛООЧ байсан байх. Би өвөөгийн хүү байсан. Өвөөтөйгөө хамт өнгөрүүлсэн мөч бүхэн миний хамгийн аз жаргалтай үе байсан байх хүүхэд насны. 
        Намайг дагуулаад л явна тээвэрт ямахдаа. Энэ TEREX 4400 гээд DUMP  л даа. 240 тн даана. Lieherr 996 -тай хослож ажилдаг. Энэний талаар бол би гадарланаа....
        Уул уурхайн чиглэлээр мэргэжил эзэмшихэд минь энэ мөрөөдөл маань ч нөлөөлсөн байх гэж би боддог. 

         Хүн бүхэн мөрөөдөлтөй. Гэхдээ хэтэрхий өөрийнхөө боломжоос давсан зүйл мөрөөдөөд өөрийгөө ч өрөөлийг ч бүү зовоогоосой гэж би боддог. Хүн хүсэл мөрөөдөлийхөө эзэн нь байхын тулд өөрөө ямагт шинийг эрэлхийлж тэрнийхээ араас тэмцдэг байх ёстой. 
        Мөрөөдхөд мөнгө төлдөггүй гэж хүмүүс хэлэх дуртай би энэ үгэнд дургүй.

Миний блогт орж байгаа дүү нартаа зориулаад Б.Лхагвасүрэн гуайн нэгэн дурсажийг хүргэж байна.

Атаа хорсол намайг ирлэж

Аядуу магтаал намайг мохооно

Алиныг нь ч би тоолгүй толгой өндөр явсны учир

Амьдын хорвоо намайг дуртай дургүй ч дурсана" хэмээн омогшдог Ардын уран зохиолч Бавуугийн Лхагва­сүрэнгийн нэгэн ер­төнц рүү өнгийхийг хүслээ. Түүний аавынхаа тухай дурсамжийг хүргэе. Олон хүмүүсийг ухаа­рал руу, өнгөрсөн гэгээн дурсамж руу хөтөлнө гэдэгт эргэл­зэхгүй байна.

ААВ МИНЬ БОРООНД НОРСОН ӨРХ ШИГ ЗОВХИО АРАЙ ЯДАН ӨРГӨЖ "ЭР ХҮН НУЛИМС ХОВОРТОЙ ЯВДАГ ЮМ ШҮҮ" ГЭЖ БИЛЭЭ...


Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дур­датгал үлдээдэггүй.

Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм. Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байх­гүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.

 

ААВ МИНЬ НАДТАЙ

АДИЛ НЯЛЦГАР ХҮН БАЙГААГҮЙ...


Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь "Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид хоёр чинь энд байна" гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.



ЭРЧҮҮД ИХ ҮНЭГҮЙ ХҮМҮҮС ЮМ УУ ДАА...

Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхдэдээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсны дараа нь тэгэх минь яалаа, ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.



ЭЦЭГ МИНЬ ШУДАРГА ЗАНГААР ХОРВООГ ТУУЧИЖ ӨНГӨРӨӨСӨН ДӨӨ...

Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүл­тэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн "аавын минь алдаа" энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хор­воог туучиж өнгөрөөсөн дөө, эцэг минь. Аав минь намайг тавдугаар ангид байхад халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн, хожим элэг­ний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.



ТУЙЛДСАН ААВЫГАА ХАРЖ БИ НЭГ ИХ УЙЛСАН...

Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо "ёо" гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж "Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү" гэж хэлээд ам нь өмөлзөж даахгүй болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.



ААВЫНХАА ӨМНӨ ҮХЭЖ Л БАЙЖ "ЛУЙВАРДАЖ" ДУУСАХ АГУУ ИХ ӨРТЭЙ ҮЛДСЭН...

Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид хоёр их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүүхдүүд "Үхлийн түймэрт" өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож бай­гаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж "луйвардаж" дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж "Уртын дуу тавиад өгөөч" гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин "Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ" гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүйдээ, ноолж болдоггүйдээ, нялуун бишдээ, "Холын уул" байдаг аж.



ХҮН ХАЛАНД БИШ ХАЙРАНД ХҮН БОЛДОГ ЮМ БАЙНА...

Аав минь нэг өдөр "Би заяа муутай хүн дээ" гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь "Ханиа залгичихсан хүн яаж заяатай байх вэ дээ" гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж "Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь" гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй "Яруу найраг чинь энд хамаагүй" гэж шууд гараад алхчихсан. Алдаа хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагд­сан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагд­сан. Аав минь хэнэггүй нь аргагүй "Аав нь тэтгэврээ аваад" гээд нусны алчуурандаа боочихсон хоёр хайр­цаг "ВТ" гаргаж өглөө. Тэнэг­лэснийхээ төлөө би тамхиар шаг­нуу­лав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэг­лэдэг "хор" аавд минь тэтгэврийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна.



49 ЖИЛ АНГИР ШАРГАЛ НАРАН ДОР ААВТАЙГАА БАЙЖЭЭ...

Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш гурван жилийн дараа онгол­сон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл, гарынх нь алиных нь юм ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүд­тэйгээ хар багын найз хуурч Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрынх нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшгэнд уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав минь хуурын эгшиг сонсдог байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг.

Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь "Нутагт минь намайг тавиарай" гэж хичээнгүйлэн за­хисны учрыг цаг мөч тоолон ясан­даа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг "Алтан өлгий"-д алдраа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно.